2026 оны 8 дугаар сарын 18
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн Тамирын Сургууль болон Монголын Явган Алхалтын Холбоо өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, бүх нийтийн спорт, явган алхалтын боловсрол, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь сайн дурын, харилцан ашигтай, нээлттэй, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурлах бөгөөд сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, олон нийтийн үйл ажиллагааг уялдуулан хөгжүүлэхэд чиглэж байна.
Санамж бичгийн хүрээнд талууд:
Явган алхалтын онол, арга зүй болон нийтийн биеийн тамирын талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх;
Явган алхалт, хөдөлгөөний эрүүл мэнд, биеийн тамирын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх;
Хөтөлбөр, арга хэмжээг хамтран зохион байгуулж, боломжит нөөцөө хуваалцах замаар үр нөлөөг нэмэгдүүлэх;
Оюутан, багш, ажилтан болон явган алхагчдын ур чадварыг дээшлүүлэх, дотоод болон олон улсын дадлага, туршлага судлах хөтөлбөр хэрэгжүүлэх;
Явган алхалтын дасгалжуулагч, чиглүүлэгч, шүүгч бэлтгэх богино болон урт хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах;
Оюутнуудын дадлага, сайн дурын үйл ажиллагааг явган алхалтын арга хэмжээ, тэмцээн болон нийгмийн хөтөлбөрүүдтэй уялдуулах;
Хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн спорт, нийгмийн эрүүл мэндийг дэмжих нөлөөллийн аян, өдөрлөг зохион байгуулах;
Цахим сургалтын контент, гарын авлага болон судалгааны мэдээллийн санг хамтран хөгжүүлэх;
Олон улсын байгууллага, холбоодтой хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх;
Спортын менежмент, арга зүй, судалгаа, инновацын чиглэлээр форум, семинар, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар тус тус тохиролцлоо.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд бий болсон мэдлэг, туршлага, арга зүйн дэмжлэгийг харилцан солилцож, хамтарсан үйл ажиллагаанд талууд идэвхтэй оролцохоор санамж бичигт тусгасан.
Санамж бичигт МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал, доктор (Ph.D) О.Болд-Эрдэнэ, Монголын Явган Алхалтын Холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ нар гарын үсэг зурж, хамтын ажиллагааг албан ёсоор баталгаажууллаа.
Хоёр байгууллагын хамтын ажиллагаа нь их сургуулийн сургалт, судалгааг явган алхалтын практик үйл ажиллагаатай уялдуулах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ явган алхалт, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хамтын ажиллагааны шинэ эхлэл - эрүүл, идэвхтэй амьдралын төлөө хамтдаа алхъя.