БНХАУ-ын Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн Олимпын спортын төвийн цэнгэлдэх хүрээлэнд 10-р сарын 10–11-ний өдрүүдэд “Макао 2026” Азийн хот, бүсийн олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа.
Макаогийн хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулсан тус олон улсын тэмцээнд Азийн хот, бүс нутгийн тамирчид оролцож, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтийн төрөлд Монгол Улсын тамирчид амжилттай оролцож, алт, мөнгөн медалийн эзэд боллоо. Алтан медалийг “Алдар” спорт хороо, “Үчимбэр” клубын тамирчин, МУБИС-ийн төгсөгч, Олон улсын хэмжээний мастер Б.Солонго хүртлээ. Тэрбээр 200 метрийн зайг 24.68 секундэд туулж, өмнөх 24.96 секундын амжилтаа 0.28 секундээр ахиулан тэргүүн байр эзэлсэн нь тэмцээний онцлох амжилтуудын нэг болов. Мөнгөн медалийг МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, “Үчимбэр” клубын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ц.Мөнххэрлэн 25.54 секундын амжилтаар хүртэж, Монголын хөнгөн атлетикийн тамирчдын олон улсын тэмцээн дэх амжилтыг бататгалаа.
Тамирчдыг МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Ганцаарчилсан төрлүүдийн тэнхимийн хөнгөн атлетикийн багш А.Амгалан, МУБИС-ийн төгсөгч, Үйцай сургуулийн багш Г.Жанцандорж нар дасгалжуулан оролцлоо.
Энэхүү амжилт нь тамирчдын тууштай хөдөлмөр, дасгалжуулагчдын мэргэжлийн ур чадвар, сургалт-бэлтгэлийн үр дүнгийн илэрхийлэл болж байна. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хамт олон олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Солонго, ОУХМ Ц.Мөнххэрлэн болон тэднийг бэлтгэн оролцуулсан багш, дасгалжуулагч А.Амгалан, Г.Жанцандорж нарт халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе!

МУБИС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛЬ
2026 оны 10 дугаар сарын 14