“Супер оюутан – 2026” хөтөлбөрийн оролцогчид Олимпик хауст зочиллоо
МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Супер оюутан – 2026” хөтөлбөрийн шилдэг оролцогчид Монголын үндэсний олимпын хороонд зочиллоо. Оюутнуудын хамт сургуулийн захирал, доктор (Ph.D) О.Болд-Эрдэнэ, Биеийн тамирын боловсрол, хөдөлгөөн заслын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Ш.Энхбүрэн нар оролцов.
Айлчлалын үеэр оюутнууд Олимпын музейтэй танилцаж, олимпизмын үүсэл хөгжил, олимпын хөдөлгөөний түүхэн замнал болон үнэт зүйлсийн талаар мэдлэгээ өргөжүүллээ.
МҮОХ-ны Ерөнхий менежер, доктор (Ph.D) Г.Ерөөлбат оюутнуудыг хүлээн авч уулзан, ирээдүйн зорилгоо тодорхойлох, өөрийгөө удирдан хөгжүүлэх, амжилтын төлөө тууштай хөдөлмөрлөхийн ач холбогдлын талаар ярилцаж, зөвлөгөө өглөө.
Энэхүү айлчлал нь ирээдүйн биеийн тамир, спортын салбарын мэргэжилтнүүдэд олимпын үнэт зүйлсийг танин мэдэх, мэргэжлийнхээ нийгэмд гүйцэтгэх үүргийг эргэцүүлэн ойлгох, цаашдын зорилгоо тодорхойлоход ач холбогдолтой байв.
МУБИС-ийн Биеийн тамирын сургууль “Супер оюутан” хөтөлбөрийг 16 дахь удаагаа хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь сурлага, спортын амжилтаараа үе тэнгийнхнээ манлайлсан оюутнуудыг тодруулахын зэрэгцээ тэдний мэргэжлийн ур чадвар, манлайлал, нийгмийн оролцоог дэмжиж, харилцан суралцаж, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Оюутнуудыг хүлээн авч, мэдлэг, туршлагаа хуваалцсан Монголын үндэсний олимпын хорооны хамт олонд талархал илэрхийлье. Хөтөлбөрийн нийт оролцогчдод сурлага, спортын өндөр амжилт хүсье!

