Азийн хөнгөн атлетикийн холбоо (Asian Athletics)-ноос эмэгтэй шүүгчдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын тэмцээнд ажиллах эмэгтэй шүүгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Bronze Women Referee Mentoring Program” олон улсын сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 13–16-ны өдрүүдэд Тайланд улсад зохион байгууллаа.
Тус сургалтад Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын сургуулийн Спортын мэргэжлийн онол арга зүйн тэнхимийн эрхлэгч, Монголын хөнгөн атлетикийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн Б.Нармандах Монгол Улсаа төлөөлөн оролцож, олон улсын шүүгчдийн мэдлэг, туршлагаас суралцан, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв.
Сургалтын нээлтийн үеэр Азийн хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо (World Athletics)-ноос эрэгтэй, эмэгтэй шүүгчдийн оролцоог 50:50 харьцаанд хүргэх бодлого баримталж байгааг онцолж, олон улсын түвшинд ажиллах эмэгтэй шүүгчдийг бэлтгэх, чадавхжуулахын ач холбогдлыг тэмдэглэсэн юм.
Сургалтын хүрээнд хөнгөн атлетикийн тэмцээний дүрэм, техникийн зохион байгуулалт, шүүгчдийн үүрэг, хариуцлага, маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх арга барил зэрэг сэдвийг олон улсын тэмцээний бодит жишээнд тулгуурлан судалж, оролцогчид харилцан туршлага солилцлоо.
Энэхүү хөтөлбөр нь 2027 оны 3-4 дүгээр сард зохион байгуулагдахаар төлөвлөж буй Bronze Level олон улсын шүүгчийн шалгалтад эмэгтэй шүүгчдийг бэлтгэх, тэдний мэргэжлийн ур чадварыг олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна.
Багш Б.Нармандахын тус сургалтаас эзэмшсэн мэдлэг, туршлага нь МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн оюутнуудын сургалтын чанарыг дээшлүүлэх, хөнгөн атлетикийн хичээлийн агуулга, арга зүйг баяжуулах, түүнчлэн Монголын хөнгөн атлетикийн шүүгчдийн мэргэжлийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
МУБИС-ийн Биеийн тамирын сургууль