МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО, МУБИС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛЬ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

МХБХ, МУБИС-ИЙН БТС ХАМТРАН ХӨЛБӨМБӨГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ- МЕНЕЖЕР БЭЛТГЭНЭ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) болон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн Тамирын Сургууль хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүллээ

Талуудын байгуулсан дөрвөн жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд хөлбөмбөгийн спортын дасгалжуулагчийн бакалаврын хөтөлбөрийг өдрийн ангид хэрэгжүүлж, хоёр жил тутам элсэлт авч, дөрвөн жилийн сургалтаар мэргэжлийн дасгалжуулагч, менежерүүдийг бэлтгэхээр болж байна.

Хөтөлбөр нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хөлбөмбөгийн холбоо, клуб, багуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, хүүхэд, залуучуудын дунд нийтийн хөлбөмбөгийг хөгжүүлэх, спортын боловсролтой дасгалжуулагчдыг тогтвортой бэлтгэхэд чиглэж байна.

МХБХ нь сургалтын хөтөлбөрийг бодлогын болон материаллаг дэмжлэгээр хангаж, хөлбөмбөгийн хэрэгсэл, сургалтын тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн дэмжлэг үзүүлэхээс гадна оюутнуудад футзалын талбайг үнэ төлбөргүй ашиглуулах, дасгалжуулагчийн “D”, “C” ангиллын сургалтад хамруулах, шилдэг оюутнуудад нэрэмжит тэтгэлэг олгох зэрэг олон талт боломжийг бүрдүүлэх юм.

Мөн орон нутаг болон нийслэлийн хөлбөмбөгийн холбоо, клубуудтай хамтран төгсөгчдийг ажлын байраар хангах, авьяаслаг залуу тамирчдыг сонгон шалгаруулан сургалтад хамруулах, хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчдад дасгалжуулагч, менежерийн чиглэлээр суралцах боломжийг дэмжихээр тусгажээ.

Харин МУБИС-ийн Биеийн тамирын сургууль нь сургалтын хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлж, сургалтын орчин, дотуур байр, номын сан, хэрэглэгдэхүүнээр хангахын зэрэгцээ амжилттай суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг бүрдүүлэн ажиллах юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын хөлбөмбөгийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, орон нутаг болон нийслэлийн клуб, багуудыг мэргэжлийн дасгалжуулагч, менежерээр хангах, хөлбөмбөгийн хөгжлийг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Бусад мэдээ