Шведийн Вант Улсын Гётеборг хотноо 2026 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “FISU World University Championships Cheerleading 2026” буюу Дэлхийн их сургуулийн аварга шалгаруулах чирлидингийн тэмцээнээс Монгол Улсын оюутны шигшээ баг алтан медаль хүртэж, түүхэн амжилт үзүүллээ.
Дэлхийн оюутны спортын холбоо (FISU)-ноос хоёр жил тутам зохион байгуулдаг энэхүү нэр хүндтэй тэмцээнд дэлхийн 16 орны шилдэг оюутан тамирчид оролцож, чирлидингийн төрөлд ур чадвар, багийн ажиллагаа, уран бүтээлч үзүүлбэрээрээ өрсөлдсөн юм.
Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Монголын оюутны шигшээ” багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн тамир, спортын сургуулийн II курсын оюутан Г.Энхбаясгалан, I курсын оюутан Э.Анударь нар багтаж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөн, алтан медалийн эзэд боллоо.
2026 оны Дэлхийн их сургуулийн аварга шалгаруулах чирлидингийн тэмцээн нь Олон улсын чирлидингийн холбоо (ICU)-ны дүрмийн дагуу зохион байгуулагдсан бөгөөд Шведийн Чирлидингийн холбоо, Шведийн Оюутны спортын холбоо болон FISU хамтран зохион байгуулсан юм.
Энэхүү амжилт нь Монголын оюутны спорт, тэр дундаа чирлидингийн спортын хөгжлийг олон улсын түвшинд бататгасан томоохон амжилт болж байна. Залуу тамирчдын хичээл зүтгэл, багийн эв нэгдэл, тууштай хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсын төрийн далбаа Гётеборгийн тэнгэрт мандаж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгалаа.
Монгол Улсын Боловсролын Их Сургууль болон спортын хамт олон Г.Энхбаясгалан, Э.Анударь нартаа болон “Монголын оюутны шигшээ” багийн нийт тамирчид, дасгалжуулагчдад халуун баяр хүргэж, цаашдын сурлага, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
