МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль ЖАЙКА байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Япон улсын волейболын мэргэжилтэн ажиллуулахаар боллоо
Өнгөрсөн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн захирал О.Болд-Эрдэнэ Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Волейболын Холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, тус уулзалтаар МУБИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хүрээнд хэрэгжүүлж буй “Багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл, чанарын жил” санаачилгын хүрээнд Биеийн Тамирын Сургууль болон ЖАЙКА байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, цаашдын хамтарсан үйл ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтад ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Сайн дурын гишүүдийн зохицуулагч Шига Рёо, хөтөлбөрийн ажилтан Ц.Гантулга, МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн захирал О.Болд-Эрдэнэ, Монголын Волейболын Холбооны Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга, МУБИС-ийн багш Р.Тамираа нар оролцов.
ЖАЙКА байгууллага нь Монгол Улсад боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж, бодит дэмжлэг үзүүлж ирсэн билээ. МУБИС нь тус байгууллагатай 1997 оноос эхлэн хамтын ажиллагаа хөгжүүлж, энэ хугацаанд Япон улсын дөрвөн мэргэжилтэн багш сургуульд ажиллан мэдлэг, туршлагаа хуваалцсан түүхтэй.
ЖАЙКА байгууллагатай хамтын ажиллагааны үр дүнд 2026 оны 5 дугаар сараас эхлэн Япон улсын иргэн, волейболын дасгалжуулагч Нозоми Камамото МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн Спорт тоглоомын тэнхимд хоёр жилийн хугацаатай ажиллахаар боллоо.
Тэрээр Япон улсын Каноя Фитнесс, Спортын Үндэсний Институтийг бакалаврын зэрэгтэй төгсөж, волейболын спортоор мэргэшсэн байна.
Ажлын туршлагын хувьд Наши нэгдүгээр ахлах сургууль, Нагасаки-Гото Кайё ахлах сургууль, Исахая Хигаши тусгай хэрэгцээт сургууль, Хокуммери ахлах сургуульд багшаар ажиллаж байсан бөгөөд Нагасаки дахь Юкокан ахлах сургуульд захиргааны ажилтнаар ажиллаж байжээ.
Нозоми Камамото нь:
Бүх Японы коллеж хоорондын волейболын аварга шалгаруулах тэмцээний дөрвөн удаагийн аварга,
Баруун Японы коллеж хоорондын волейболын тэмцээний найман удаагийн аварга тамирчин юм.
Тэрээр тамирчдад дараах чадваруудыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг. Үүнд:
Орон зайн мэдрэмж болон зөв байрлал сонгох чадвар,
Агаар дахь биеийн тэнцвэрийг хадгалах чадвар,
Сунгалтын рефлексийг сайжруулах арга зүй,
Хөдөлгөөний урьдчилсан бэлтгэл,
Техникийн гүйцэтгэлийн үеийн биеийн хөдөлгөөнийг оновчтой удирдах ур чадвар зэрэг багтана.
Энэхүү хамтын ажиллагаа нь МУБИС-ийн багш бэлтгэх тогтолцоо, спортын боловсролын чанарыг сайжруулах, оюутан, багш, дасгалжуулагчдын олон улсын туршлага солилцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.