МУБИС-ийн оюутнууд “Эх оронч-21” хөтөлбөрийн хүрээнд эх орноо бүтэн тойрон танин мэдэж байна

МУБИС-ийн оюутнууд “Эх оронч-21” хөтөлбөрийн хүрээнд эх орноо бүтэн тойрон танин мэдэж байна

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд суралцах хугацаандаа “Эх оронч-21” хөтөлбөрт хамрагдан Монгол Улсын 21 аймгаар аялж, эх орныхоо байгаль, газарзүй, түүх, соёлын өвийг танин мэдэхийн зэрэгцээ эх оронч үзэл, үндэсний үнэт зүйлсийг төлөвшүүлэн хөгжүүлдэг уламжлалтай.

Тус хөтөлбөр нь аялал жуулчлалын онол, практикийг эх орон судлалтай уялдуулан хэрэгжүүлдэг онцлогтой бөгөөд оюутнууд аймаг бүрийн онцлог, түүхэн дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт тогтоц, нутгийн иргэдийн ахуй соёлтой биечлэн танилцдаг. Ингэснээр залуус эх орныхоо хөгжлийн онцлогийг ойлгож, байгаль орчноо хайрлан хамгаалах, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэх хандлагыг төлөвшүүлдэг юм.

2025 оны зуны аяллын хүрээнд гуравдугаар курсийн оюутнууд Монгол орны зүүн бүсийн гурван аймаг болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаар аяллаа. Энэхүү аяллын үр дүнд хоёр оюутан Монгол Улсын 21 аймгаар бүрэн аялж дууссан бол бусад оюутнуудын хувьд аялсан аймгийн тоо 20-д хүрч, “Эх оронч-21” хөтөлбөрөө амжилттай дуусгахад тун ойртож байна.

МУБИС-ийн Спорт аялал жуулчлалын “Төгс Аялагч” клуб нь 21 аймгийн нутгаар аялж дууссан оюутан, төгсөгчдийн аяллын дурсамжийг мөнхжүүлэх, тэдний амжилтыг үнэлэн алдаршуулах зорилгоор жил бүр батламж, дурсгалын цом гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Эх оронч-21” хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн оюутнууддаа оны эцэст албан ёсны батламж, цом гардуулахаар төлөвлөж байна.

“Эх оронч-21” хөтөлбөр нь зөвхөн аялал хийх зорилготой бус, Монгол орны байгалийн болон түүх, соёлын өвийг өөрийн биеэр мэдэрч, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, ирээдүйн аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг үндэсний үнэт зүйлтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэдэг боловсролын ач холбогдолтой төсөл юм.

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хамт олон “Зорилготой, Эх оронч, Монгол хүнийг бүтээнэ” уриан дор оюутнуудынхаа эх орон танин мэдэх, эх оронч хүмүүжил төлөвшүүлэх үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллаж байна.

#Зорилготой #ЭхОронч #МонголХүмүүнийг #Бүтээнэ

Бусад мэдээ