Азийн Хөнгөн Атлетикийн Холбооноос зохион байгуулсан “Фотофиниш шүүгч”-ийн сургалт 2026 оны 6 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Тайландын нийслэл Bangkok хотод амжилттай боллоо.
Тус сургалтад Монгол Улсаа төлөөлөн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн Тамирын Сургуулийн Спортын ганцаарчилсан төрлүүдийн тэнхимийн багш, Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Шүүгчдийн зөвлөлийн дарга Э.Баатарсүрэн оролцож, сургалтыг амжилттай дүүргэлээ.
Сургалтыг Дэлхийн Хөнгөн Атлетикийн холбооны алтан зэрэглэлийн шүүгч, Австрали улсын иргэн Janet Nixon удирдан явуулсан бөгөөд Азийн 12 орны хөнгөн атлетикийн шүүгчид хамрагдсан байна.
Фотофинишийн технологи нь хөнгөн атлетикийн тэмцээний барианд орсон тамирчдын дараалал, хугацааг өндөр нарийвчлалтай тогтоох чухал үүрэгтэй бөгөөд энэхүү сургалт нь шүүгчдийн мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд дээшлүүлэхэд чиглэсэн юм.
Э.Баатарсүрэнгийн энэхүү сургалтад хамрагдсан нь Монголын хөнгөн атлетикийн шүүгчдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын стандартын дагуу тэмцээн уралдаан зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
