МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VII НААДАМ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЖ, МУБИС БАГИЙН ДҮНГЭЭР III БАЙР ЭЗЭЛЛЭЭ 

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VII НААДАМ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЖ, МУБИС БАГИЙН ДҮНГЭЭР III БАЙР ЭЗЭЛЛЭЭ 

Монголын Оюутны Спортын VII наадмын хаалтын ажиллагаа Түмэн Эх Чуулга-ын байранд ёслол төгөлдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хоёр жил тутам зохион байгуулагддаг энэхүү нэр хүндтэй наадам нь энэ жил зуны спортын 14 төрөл, өвлийн спортын 1 төрөлд шилдэг тамирчид, багуудаа тодруулан амжилттай өндөрлөж байна.Наадмын хугацаанд улсын хэмжээний их, дээд сургуулиудын оюутан тамирчид хоёр сарын турш ур чадвар, хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн нь оюутны спортын хөгжил, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан онцлох үйл явдал боллоо.

Ж.Батбаатар Ректортой Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн баг тамирчид спортын бүх төрөлд амжилттай оролцож, нийт 12алт, 7мөнгө, 14хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн нийлбэр дүнгээр ГУРАВДУГААР БАЙР эзэллээ.Тус наадмын хүрээнд МУБИС-ийн баг тамирчид хөнгөн атлетик, жүдо, чөлөөт бөх, футзал, гандбол, спорт аялал, ширээний теннис, чэйрлидинг зэрэг төрлүүдэд өндөр амжилт гаргасан нь багийн амжилтын гол үндэс байв.

Оюутны спортын их наадам нь залуу тамирчдын ур чадварыг хөгжүүлэх, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний шигшээ багийн ирээдүйн тамирчдыг бэлтгэх чухал ач холбогдолтой арга хэмжээ билээ.Ийнхүү Монголын Оюутны Спортын VII наадамд амжилттай оролцож, багийн дүнгээр III байр эзэлсэн МУБИС-ийн нийт баг тамирчид, дасгалжуулагчид, багш ажилтнууддаа халуун баяр хүргэж, цаашдын спорт, сурлагын ажилд нь улам их амжилт хүсье!

Бусад мэдээ