“ЭРСДЭЛИЙГ ТАНЬЖ, ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн шинэ элсэгчдэд зориулсан “Эрсдэлийг таньж, ирээдүйгээ хамгаалъя” сэдэвт сургалтыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтын зорилго нь оюутнуудад гэмт хэрэг, зөрчил болон гэр бүлийн хүчирхийллийн шинж, эрсдэлт нөхцөл байдлыг танин мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хууль эрх зүйн зөв хандлага, хариуцлагатай зан төлөвийг төлөвшүүлэхэд чиглэв.
Сургалтаар СБД-ийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Лхагвасүрэн, мөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Мишээл нар мэргэжлийн мэдээлэл, зөвлөмж хүргэлээ.
Залуу хүн их, дээд сургуульд элсэн суралцах үеэс бие даан шийдвэр гаргах, шинэ орчинд дасан зохицох, олон төрлийн харилцаанд оролцох шаардлага нэмэгддэг. Үүнийг дагаад гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дарамт, цахим орчны эрсдэл, хүчирхийлэл болон бусдын хууль бус нөлөөлөлд өртөх зэрэг нөхцөл байдалтай тулгарах магадлал бий.
Иймээс аливаа эрсдэлийг үүссэний дараа даван туулах бус, урьдчилан таньж мэдэн, зөв шийдвэр гаргаж сурах нь залуучуудын эзэмших шаардлагатай чухал чадвар юм. Урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байх нь зөвхөн өөрийн аюулгүй байдлыг хамгаалаад зогсохгүй найз нөхөд, хамт олон, гэр бүл болон хүрээлэн буй хүмүүсээ эрсдэлээс хамгаалах, шаардлагатай үед зөв тусламж, дэмжлэг авахад ач холбогдолтой.
Ялангуяа биеийн тамир, спортын чиглэлээр суралцаж буй оюутан залуусын хувьд сахилга бат, ёс зүй, хариуцлага, бусдыг хүндэтгэх хандлага нь мэргэжлийн ур чадвартай салшгүй холбоотой. Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон хүчирхийллийг үл тэвчих зөв хандлагыг оюутан ахуй үеэс төлөвшүүлэх нь эрүүл, аюулгүй сургалтын орчныг бүрдүүлэх төдийгүй ирээдүйн мэргэжилтний ёс зүй, нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.
Тус сургалтыг БТС-ийн Спортын ганцаарчилсан төрлүүдийн тэнхим, БТС-ийн Ёс зүйн хороо зохион байгуулж, СБД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх алба хамтран ажиллалаа.