“СУДЛААЧ ОЮУТАН–2026” ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН ОЛОН УЛСАД БАТЛАГДЛАА
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны 6 дугаар сарын 3–5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Залуу судлаачдын Мишээл хүрээлэнгийн XI дэх “Судалж хөгжье–2026” Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү хурал нь Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Монгол, БНСУ, БНХАУ, Япон, Польш зэрэг 5 улсын 30 гаруй их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаач, оюутан залуус оролцсон олон улсын хэмжээний томоохон эрдэм шинжилгээний арга хэмжээ байв.
Хуралд нийт 80 эрдэм шинжилгээний бүтээл ирснээс 56 нь цахим, 8 нь постер, 17 нь танхимын хэлбэрээр хэлэлцэгдэж, хоёр өдрийн турш эрдэм шинжилгээний өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэв.
МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийг төлөөлөн оролцсон “Судлаач оюутан–2026” хөтөлбөрийн шилдэг оролцогчид болон багш нар өндөр амжилт үзүүлж, олон улсын тавцанд мэдлэг, ур чадвараа батлан харууллаа.
Амжилт:
Багш судлаачдын илтгэлийн төрөлд
МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн Мэргэжлийн спортын онол, арга зүйн тэнхимийн багш С.Мөнхнасан тэргүүн байр
Оюутан судлаачдын илтгэлийн төрөлд
Спорт, аялал жуулчлалын ангийн III курсын оюутан Б.Энхсүрэн тэргүүн байр эзэлж, шилдэг илтгэгчээр шалгарлаа.
Энэхүү амжилт нь МУБИС-ийн Биеийн Тамирын сСургуулийн хэрэгжүүлсэн “Судлаач оюутан–2026” хөтөлбөрийн бодит үр дүн болж байна. Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд хоёр сарын хугацаанд судалгааны арга зүйд суралцаж, судалгааны сэдэв боловсруулах, мэдээлэл цуглуулах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний илтгэл бэлтгэн хамгаалах ур чадварыг эзэмшсэн бөгөөд уг хөгжлийн үр дүн олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр ийнхүү баталгаажлаа.
“Судлаач оюутан” хөтөлбөр нь оюутнуудыг зөвхөн эрдэм шинжилгээний ажилд оролцуулах бус, судлаач сэтгэлгээтэй, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай залуу мэргэжилтэн болгон төлөвшүүлэх зорилготой бөгөөд энэхүү зорилго амжилттай хэрэгжиж буйг дээрх үр дүн тод харуулж байна.
Мөн тус хурлыг зохион байгуулах хороонд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал, доктор (Ph.D.) О.Болд-Эрдэнэ ажилласан нь сургуулийн олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр орууллаа.
МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн нэрийг олон улсын түвшинд амжилттай сурталчилж, өндөр амжилт гаргасан багш, оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь улам их амжилт хүсье.
Судалгаа бол ирээдүйн хөгжлийн үндэс. Харин залуу судлаачид бол тэр хөгжлийг бүтээгчид юм.
