Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдана
Монгол үндэсний бөхөөр хичээллэж буй оюутан залуусын ур чадварыг дээшлүүлэх, тамирчны карьерын хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих, ахисан түвшний сургалт, бэлтгэлийг нэмэгдүүлэх, мөн үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдааныг МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль МҮБХ-той хамтран 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Янгир хайрхан” ХХК ажиллаж байна.
Барилдаанд их, дээд сургууль, коллежийн бакалавр болон магистр түвшний, 18–25 насны, 2.5-аас дээш голч дүнтэй оюутнууд оролцох бөгөөд нэг сургуулиас нэг жинд 4 хүртэлх бөх барилдана. Тэмцээн нь -65 кг, -75 кг, -85 кг, -95 кг, +95 кг болон үнэмлэхүй жингийн ангиллаар явагдана. Үнэмлэхүй жинд жин тус бүрийн аваргууд болон шүүгчдийн шийдвэрээр шалгарсан бөхчүүд өрсөлдөнө.
Бүртгэл 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл UNIQ аппликейшнээр явагдах бөгөөд барилдаан Монголын Үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу хасагдах системээр явагдаж, шөвгийн наймд үлдээд унасан бөхчүүд торгуулийн барилдаанд оролцоно. Жин тус бүрт I, II, III (хоёр) байрыг шалгаруулж медаль, бай шагналаар шагнахын зэрэгцээ “Уран гараа, дэвээтэй бөх”-ийг тодруулна.
Энэхүү барилдаан нь оюутан залуусын бие бялдар, ёс зүй, эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний бөхийн өв соёлыг залгамжлан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Холбогдох утас: 95715230
Бөхийн босоо цагаан хийморь мандан бадраг!