МУБИС-ИЙН БАГ ТАМИРЧИД “SANYA 2026” АЗИЙН ЭЛСНИЙ VI НААДАМД ОРОЛЦОНО

МУБИС-ИЙН БАГ ТАМИРЧИД “SANYA 2026” АЗИЙН ЭЛСНИЙ VI НААДАМД ОРОЛЦОНО

БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотноо 2026 оны 4 дүгээр сарын 22–30-ны өдрүүдэд Азийн элсний VI наадам (6th Asian Beach Games) зохион байгуулагдана.

Тус наадам нь Азийн Олимпын Зөвлөл-өөс зохион байгуулдаг Азийн тивийн далайн эргийн спортын томоохон наадам бөгөөд 2016 оноос хойш 10 жилийн дараа дахин зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Энэ удаагийн наадамд Азийн 45 орчим орны тамирчид оролцож, 14 спортын 15 төрөлд өрсөлдөнө.

Монгол Улсаас тус наадамд 8 спортын төрөлд нийт 55 тамирчин оролцож, Азийн шилдэг тамирчидтай ур чадвар, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөх юм.

Үүнээс Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг төлөөлөн текбол, элсний гандбол, жюү жицүгийн төрлүүдэд нийт 11 тамирчин, 2 дасгалжуулагч, 1 сэтгүүлч шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцоно.Азийн элсний наадам нь элсэн дээр зохион байгуулагддаг онцлогтой бөгөөд тамирчдаас өндөр тэсвэр хатуужил, хурд, техник шаарддаг спортын наадам юм. Сагсан бөмбөг 3x3, элсний волейбол, элсний гандбол, жюү жицү, элсний бөх, триатлон (акватлон) зэрэг төрлүүд багтдаг бөгөөд спортын зэрэгцээ аялал жуулчлал, соёлын ач холбогдол өндөртэй арга хэмжээ болдог.

Монголын баг тамирчид энэхүү наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөх бүрэн боломжтой бөгөөд ялангуяа жюү жицү, элсний бөх, 3х3 сагсан бөмбөг зэрэг төрлүүдэд медаль хүртэх хүлээлттэй байна.

Монголын баг тамирчдадаа амжилт хүсье

Бусад мэдээ