Шинэ спорт – Шинэ амжилт 

Шинэ спорт – Шинэ амжилт 

Энэтхэг улсын Шинэ Дели хотноо 2026 оны 5 дугаар сарын 8-нд болсон “Acrobatic Rock’n’Roll Asian Championship 2026” тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, 1 алт, 2 хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээн нь Дэлхийн Acrobatic Rock’n’Roll болон Acro Swing холбоо (WFADS)-оос зохион байгуулсан анхны Азийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд Энэтхэг улсад болсноороо онцлогтой байв. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар БТС-ийн СГТТ-ийн эрхлэгч доктор (Ph.D) Б.Бат-Отгон, тамирчнаар төгсөгч А.Гантөгс, БТС-ийн дасгалжуулагчийн II курсын оюутан Э.Лхагвацэцэг, Н.Анужин нар амжилттай оролцон эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.

Rock’N’Roll спорт гэж юу вэ?

Acrobatic Rock’n’Roll нь бүжиг, гимнастик, акробатик хөдөлгөөнийг хослуулсан өндөр хэмнэлтэй спорт юм. Энэхүү спорт нь 1950-иад оны рок-н-ролл хөгжмийн урсгалаас үүсэлтэй бөгөөд өнөөдөр олон улсын хэмжээний мэргэжлийн спорт болон хөгжжээ.

Тамирчид хосоороо болон багийн төрлөөр оролцож, хөгжмийн хэмнэлд уран хөдөлгөөн, акробат үсрэлт, өргөлт, эргэлт зэрэг техникийн өндөр ур чадвар шаардсан үзүүлбэр толилуулдаг. Сүүлийн жилүүдэд Acrobatic Rock’n’Roll спорт Азийн орнуудад эрчимтэй хөгжиж, олон улсын холбоод олимпын спортын төрөлд ойртуулах чиглэлээр ажиллаж байна.

Энэ удаагийн Азийн аваргад Энэтхэг, Монгол, Казахстан, ОХУ, Вьетнам, БНХАУ зэрэг улсын 220 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын багийн амжилт нь тус спортыг Монголд хөгжүүлэх шинэ боломж, шинэ үеийн эхлэлийг харуулсан чухал үйл явдал боллоо.

Монголын баг тамирчид, дасгалжуулагчид, багш нартаа спортын өндөр амжилт хүсье!

Бусад мэдээ