МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн хөгжөөн дэмжигчдийн баг Улаанбаатар хотын 2026 оны аварга шалгаруулах “Хөгжөөн дэмжигчдийн наадам”-д амжилттай оролцож, цацагтай /пом/ багийн төрөлд алтан медаль, цацагтай /пом/ хосын төрөлд мөнгөн медаль хүртэн бахдам амжилт үзүүллээ.
Тус багийг дасгалжуулагч багш Г.Болортулга удирдан оролцсон бөгөөд оюутан тамирчид авьяас чадвар, техник ур чадвар, багийн зохион байгуулалт, уран хөдөлгөөнөөрөө шүүгчид болон үзэгчдийн талархлыг хүлээсэн байна.
Сүүлийн жилүүдэд хөгжөөн дэмжигчдийн спорт Монгол Улсад эрчимтэй хөгжиж, нийслэл болон улсын хэмжээний тэмцээнүүд тогтмол зохион байгуулагдаж байгаа бөгөөд пом бүжиг нь уян хатан хөдөлгөөн, өндөр техник, багийн нягт уялдаа шаарддаг орчин үеийн спортын төрөл болон хөгжиж байна.
МУБИС-ийн оюутнуудын энэхүү амжилт нь зөвхөн спортын ур чадвар төдийгүй хамтын ажиллагаа, сахилга бат, бүтээлч сэтгэлгээний тод илэрхийлэл болж байгаагаараа онцлог юм. Өөрсдийгөө үргэлж сорьж, хүсэл тэмүүллээр дүүрэн байж чаддаг нийт баг тамирчиддаа цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.