“ТӨГС АЯЛАГЧ” КЛУБ “ШИЛДЭГ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН КЛУБ”-ЭЭР ШАЛГАРЛАА

“ТӨГС АЯЛАГЧ” КЛУБ “ШИЛДЭГ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН КЛУБ”-ЭЭР ШАЛГАРЛАА

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Клубүүдийн Нэгдсэн Зөвлөлийн нэрэмжит “Шилдэг клуб” шалгаруулах хаалтын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн Спорт аялал жуулчлалын “ТӨГС АЯЛАГЧ” клуб “ШИЛДЭГ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН КЛУБ” хэмээх шагналын эзэн боллоо.Энэхүү амжилт нь клубийн нийт гишүүд, удирдах баг, идэвхтэй оюутнуудын хамтын ажиллагаа, бүтээлч санаачилга, олон нийтийн оролцоонд тулгуурласан үйл ажиллагааны үр дүн юм. “ТӨГС АЯЛАГЧ” клуб нь спорт аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, байгальд ээлтэй аялал, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн чиг баримжааг бэхжүүлэх зорилготойгоор тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

Тус клубийн хамт олон нь сургалт, танин мэдэхүйн аялал, нийгэмд чиглэсэн сайн дурын ажил, спортын тэмцээн уралдаан, оюутны хөгжлийн олон талт хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, МУБИС-ийн оюутны байгууллагуудын дунд манлайлан ажиллаж байна.

“Шилдэг мэргэжлийн чиглэлийн клуб” шагнал нь зөвхөн нэг клубийн төдийгүй спорт аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй нийт оюутнуудын идэвх санаачилга, хичээл зүтгэл, хамтын амжилтыг үнэлсэн шагнал юм. Иймд клубийн нийт хамт олон, үе үеийн гишүүд, дэмжин ажилладаг багш, оюутнууд болон спорт аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй нийт оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөр, клубийн үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье.

Бусад мэдээ