Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, ажилчид хамтран мод тарих аянд идэвхтэй оролцож, Биеийн Тамирын Сургуулийн хамт олон нийт 550 ширхэг мод тарин эх дэлхийдээ ногоон ирээдүйн үрийг суулгалаа.
Энэхүү арга хэмжээ нь байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үйлсэд хувь нэмэр оруулахаас гадна хамт олны эв нэгдэл, идэвх санаачилгыг бэхжүүлсэн онцгой өдөр болсон юм.
Нэг хүний тарьсан мод жижиг үйлс мэт харагдаж болох ч, олон хүний сэтгэл зүтгэл нийлсэн 550 мод нь ирээдүйн цэвэр агаар, ногоон орчин, үр хүүхдэдээ үлдээж буй үнэт өв билээ. Мод тарих үйл ажиллагааны үеэр багш, ажилчид инээд хөөр, урам зориг дүүрэн байж, байгальтай ойр өнгөрүүлсэн мөч бүхэн халуун дулаан дурсамж болон үлдлээ.
МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн хамт олон жил бүр байгаль орчноо хамгаалах, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх сайн үйлсийг тогтмол зохион байгуулж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж ирсэн.
“Нэг мод – Нэг ирээдүй” уриан дор зохион байгуулагдсан энэхүү өдөр нь зөвхөн мод тарьсан ажил биш, харин байгалиа хайрлах ухамсар, хамтын ажиллагаа, ногоон хөгжлийн үнэ цэнийг хамтдаа бүтээсэн үйл явдал байлаа.


