МУБИС-ийн БТС-ийн багш М.Баттөгс, Х.Бахытжан нар БНХАУ-ын “GEETKEY” компанийн спортын шалны үзэсгэлэн, хуралд оролцлоо
МУБИС-ийн БТС-ийн Спорт тоглоомын тэнхмийн багш М.Баттөгс, СМОАЗТ-ийн багш Х.Бакытжан нар БНХАУ-ын Бээжингийн Спортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны урилгаар 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хэбэй мужийн Шижиачуан хотноо зохион байгуулагдсан “GEETKEY” компанийн спортын шалны үзэсгэлэн, хуралд амжилттай оролцлоо.
Үүний дараа буюу 03 дугаар сарын 24-ний өдөр тэд дэлхийн спортын тоног төхөөрөмж, хэрэглэлийн тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг болох “Taishan Group”-ийн Шандун мужид байрлах үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байна.
Томилолтын хугацаанд БТС-ийн хамтын ажиллагаатай Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Н.Амарзаяа тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй хамтран ажиллаж, 2026 оны 08 дугаар сарын 5–9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний шалыг ивээн тэтгэх асуудлаар Монголын Волейболын холбоо болон “Geetkey” компанийн хамтын ажиллагаанд зуучлал хийж ажиллалаа.
Энэхүү айлчлал нь спортын дэд бүтэц, тоног төхөөрөмжийн чанарыг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

