МУБИС-ИЙН ХӨНГӨН АТЛЕТИКЧИД U23 НАСНЫ АЗИЙН АНХДУГААР АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

МУБИС-ИЙН ХӨНГӨН АТЛЕТИКЧИД U23 НАСНЫ АЗИЙН АНХДУГААР АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотноо 2026 оны 7-р сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан U23 насны Хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өндөрлөж, Азийн 27 орны 560 гаруй шилдэг залуу тамирчин оролцон хурд хүч, ур чадвараа сорилоо. Тэмцээний төгсгөлд 14 улс медаль хүртсэн бөгөөд энэхүү тэмцээн нь Азийн Хөнгөн атлетикийн холбооны шинэ насны ангиллын тивийн аваргын анхны тэмцээн болж түүхэнд бичигдлээ.

Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн дараах оюутан тамирчид эх орноо төлөөлөн амжилттай өрсөлдлөө.

  • Б. Сувд-Эрдэнэ – Уртын харайлт
  • Э. Хонгорзул – 800 метр, 1500 метр
  • Ц. Мөнххэрлэн – 200 метр, 400 метр
  • Д. Отгон-Эрдэнэ – 100 метр, 200 метр

Тус тэмцээнд МУБИС-ийн тамирчин, спортын мастер Цоодлын Мөнххэрлэн эмэгтэйчүүдийн 200 метрийн урьдчилсан шатанд 24.52 секундийн амжилт үзүүлэн финалд шалгарч, энэхүү амжилтаараа Монгол Улсын эмэгтэйчүүдийн 200 метрийн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн тэрээр 400 метрийн төрөлд 54.97 секундийн амжилт үзүүлснээр Монгол Улсын насанд хүрэгчдийн болон U23 насны ангиллын улсын дээд амжилтыг шинэчилж, Олон улсын хэмжээний спортын мастер (ОУХМ)-ын болзол ханган, нэг тэмцээний хүрээнд хоёр төрөлд улсын рекорд шинэчилсэн онцгой амжилтын эзэн болов.

Энэ нь Монголын ойрын зайн гүйлтийн хөгжлийн сүүлийн жилүүдийн хамгийн үнэ цэнтэй амжилтуудын нэг бөгөөд олон улсын түвшинд Монголын залуу тамирчдын өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэж буйг харуулсан чухал үзүүлэлт болж байна.

Азийн Хөнгөн атлетикийн холбоо болон Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо энэхүү тэмцээнийг Азийн ирээдүйн шилдэг тамирчдыг тодруулах шинэ шатны тэмцээн хэмээн онцолж, олон улсын түвшний өрсөлдөөн, өндөр чанартай зохион байгуулалттай болсон талаар мэдээлжээ.

МУБИС-ийн БТСургууль нь үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олон тамирчин бэлтгэж, Монголын хөнгөн атлетикийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн нийт баг тамирчид, дасгалжуулагчдадаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Мөн Монгол Улсын шигшээ багийг олон улсын тэмцээнд нэгдсэн хувцас хэрэглэлээр ханган дэмжсэн Монголын Үндэсний Олимпын Хороонд талархал илэрхийлье.

Бусад мэдээ