МУБИС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛИЙН ДӨРВӨН ОЮУТАН “ШИЛДЭГ ДАДЛАГАЖИГЧ”-ААР ШАЛГАРЧ, ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ

МУБИС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛИЙН ДӨРВӨН ОЮУТАН “ШИЛДЭГ ДАДЛАГАЖИГЧ”-ААР ШАЛГАРЧ, ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ

“1.000.000.000 төгрөгийн тэтгэлэгт дадлага–2026” хүний нөөцийн зорилтот төслийн хүрээнд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын хөтөлбөрийн дөрвөн оюутан “Шилдэг дадлагажигч–20” шалгаруулалтад амжилттай оролцож, тус бүр 1.5 сая төгрөгийн тэтгэлэг хүртлээ.

Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгээс жил бүр хэрэгжүүлдэг “1.000.000.000 төгрөгийн тэтгэлэгт дадлага” төсөл нь аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын мэдлэгийг үйлдвэрлэлийн дадлагаар бататгах, мэргэжлийн ур чадвар, ажлын байрны дадал, туршлагыг хөгжүүлэх, цаашлаад аялал жуулчлалын салбарын мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн ач холбогдолтой санаачилга юм.

300 орчим оюутнаас шилдэг 20 дадлагажигчийг шалгаруулжээ

“Тэтгэлэгт дадлага–2026” төсөлд нийт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлснээс төслийн шалгуур, шаардлагыг хангасан 136 оюутан хоёр үе шаттай сонгон шалгаруулалтад оролцжээ.

Энэхүү шалгаруулалтын үр дүнд мэргэжлийн мэдлэг, дадлагын гүйцэтгэл, ур чадвар, хандлага, оролцоогоороо тэргүүлсэн 20 оюутныг “Шилдэг дадлагажигч”-аар тодруулсан байна.

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын хөтөлбөрөөс дараах дөрвөн оюутан шилдгүүдийн эгнээнд багтлаа.

  • Б.Энхсүрэн – Спорт аялал жуулчлалын хөтөлбөрийн IV курсийн оюутан

  • Г.Номин-Эрдэнэ – Спорт аялал жуулчлалын хөтөлбөрийн IV курсийн оюутан

  • Э.Үүрийнтуяа – Спорт аялал жуулчлалын хөтөлбөрийн III курсийн оюутан

  • П.Өлзиймөнх – Спорт аялал жуулчлалын хөтөлбөрийн II курсийн оюутан

Шилдгээр шалгарсан оюутнууд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (MTO)-ны нэрэмжит тус бүр 1,500,000 төгрөгийн тэтгэлэг хүртсэн бөгөөд МУБИС-ийн дөрвөн оюутанд нийт 6 сая төгрөгийн тэтгэлэг олгогдсон нь онцлох амжилт боллоо.

Мэргэжлийн боловсрол, ажил олгогчдын хамтын ажиллагааны бодит үр дүн

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын хөтөлбөрийн оюутнууд үндэсний хэмжээний тэтгэлэгт дадлагын төсөлд идэвхтэй оролцож, шилдэг дадлагажигчаар шалгарсан нь сургалт, үйлдвэрлэлийн уялдаа холбоо болон оюутнуудын мэргэжлийн хөгжлийн үр дүнг илэрхийлж байна.

Аялал жуулчлалын салбарт чадварлаг, хариуцлагатай, бүтээлч хүний нөөц бэлтгэхэд их, дээд сургууль, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Энэ утгаараа тэтгэлэгт дадлагын төсөл нь оюутнуудын хөдөлмөр эрхлэх ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ боловсролын байгууллага болон ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдүүлж байна.

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хамт олны зүгээс “Шилдэг дадлагажигч–2026”-аар шалгарсан Б.Энхсүрэн, Г.Номин-Эрдэнэ, Э.Үүрийнтуяа, П.Өлзиймөнх нартаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөр, мэргэжлийн хөгжилд нь өндөр амжилт хүсье!

 

Бусад мэдээ