МУБИС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛЬ АМЖИЛТ, БАХАРХЛЫН ЭЗДЭЭ ХҮЛЭЭН АВЧ, ШИНЭ ЭЛСЭГЧИДТЭЙ УУЛЗУУЛЛАА

МУБИС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛЬ АМЖИЛТ, БАХАРХЛЫН ЭЗДЭЭ ХҮЛЭЭН АВЧ, ШИНЭ ЭЛСЭГЧИДТЭЙ УУЛЗУУЛЛАА

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хамт олон Үндэсний их баяр наадмаар өндөр амжилт үзүүлж, Монгол түмнээ баясгасан тамирчин, дасгалжуулагчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн уулзалтад МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 2011 оны төгсөгч, Үлэмж дархан мэргэн Б.Баттулга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын начин Б.Гончигсүрэн, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн магистрант, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар нар оролцлоо.

Тэд шинээр элсэн суралцаж буй оюутнуудтай уулзаж, спортын замнал, бэлтгэл сургуулилтын туршлагаасаа хуваалцан, тамирчин хүний сахилга бат, хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, зорилгодоо тууштай байх чанарын талаар үнэтэй зөвлөгөө өгч, оюутнуудад урам зориг хайрлав.

Энэхүү уулзалт нь шинэ элсэгчдэд спортын салбарт амжилт гаргасан төгсөгч, тамирчин, дасгалжуулагчдын туршлагаас суралцах, мэргэжлийн үнэ цэн, хариуцлагыг ойлгон мэдрэх, цаашдын суралцах үйл ажиллагаандаа зорилго тэмүүлэлтэй оролцох сэдэл өгөх ач холбогдолтой байлаа.

ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛ ХИЧЭЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй 300 гаруй оюутны бие бялдрын бэлтгэл хичээл үргэлжилж байна.

Бие бялдрын бэлтгэл хичээлийн хүрээнд шинэ элсэгчдийн хөдөлгөөний чадвар, бие бялдрын ерөнхий бэлтгэл, тэсвэр хатуужлыг хөгжүүлэхийн зэрэгцээ сахилга бат, зохион байгуулалт, багаар ажиллах чадварыг төлөвшүүлэхэд анхаарч байна.

МУБИС-ийн Биеийн тамирын сургууль нь 1955 оноос биеийн тамир, спортын салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж ирсэн түүхэн уламжлалтай. Тус сургууль шинэ элсэгчдээ сургалтын орчин, оюутны амьдралд дасан зохицуулах, мэргэжлийн онцлогийг таниулах, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хичээлийн шинэ жилийн эхэнд зохион байгуулж байна.

Шинэ элсэгчид ийнхүү их сургуулийн амьдралынхаа гарааг бие бялдрын бэлтгэл, хамтын ажиллагаа, сахилга хариуцлагаар эхлүүлж, спортын салбарын шилдэг тамирчин, дасгалжуулагчдын туршлага, амжилтаас суралцлаа.

Бусад мэдээ