Испанийн Памплона хотын “Navarra Arena”-д 2026 оны есдүгээр сарын 4–6-ны өдрүүдэд Аэробик гимнастикийн залуучуудын II Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, өсвөр үеийн XII Дэлхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, Монгол Улсын баг тамирчид эх орноо төлөөлөн оролцлоо.
Дэлхийн гимнастикийн холбоо (World Gymnastics)-ны албан ёсны календарьт багтсан тус тэмцээн нь Youth болон Junior насны ангиллын дэлхийн хэмжээний томоохон өрсөлдөөн бөгөөд энэ удаагийн тэмцээнд дэлхийн 42 холбооны 630 гаруй гимнастикч Памплона хотноо хуран чуулсан юм.
Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын сургуулийн GAINER клуб болон “Шинэ-Өнөөдөр” сургуулийн баг, тамирчид оролцож, өсвөр болон залуучуудын насны ангиллын хэд хэдэн төрөлд ур чадвараа сорилоо.
Монголын багийн бүрэлдэхүүнд:
Youth буюу 12–14 насны ангилалд GAINER клубын тамирчид Э.Дөлгөөнтамир, Б.Цолмон;
Junior буюу 15–17 насны ангилалд GAINER клубын тамирчид А.Чингүүн, Э.Тэлмүүн, Б.Долгион, Г.Ариунгэрэл, Т.Эгшиглэн болон “Шинэ-Өнөөдөр” сургуулийн тамирчид Н.Ганчимэг, Б.Оюунболор, Э.Энхгэрэл нар багтсан.
Монголын тамирчид 12–14 насны охид, хөвгүүдийн ганцаарчилсан болон холимог хос, 15–17 насны охид, хөвгүүдийн ганцаарчилсан, баг, аэробик степ зэрэг төрлүүдэд өрсөлдсөн юм.
Тэмцээнд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн СГТТ-ийн эрхлэгч, доктор (Ph.D), олон улсын шүүгч Б.Бат-Отгон шүүгчээр ажиллаж, СГТТ-ийн багш Г.Болортулга Монголын багийн дасгалжуулагчаар ажиллалаа.
World Gymnastics-ийн урьдчилсан бүртгэлийн мэдээлэлд Монгол Улс өсвөр болон залуучуудын ангиллын нийт есөн төрөлд оролцохоор бүртгүүлсэн нь Монголын аэробик гимнастикийн тамирчид олон төрөлд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломж бүрдсэнийг харуулж байна.
Энэхүү дэлхийн хэмжээний тэмцээнд Монгол Улсаас тамирчид төдийгүй олон улсын шүүгч, дасгалжуулагч оролцож байгаа нь Монголын аэробик гимнастикийн хөгжлийг олон улсын түвшинд сурталчлан таниулах, залуу тамирчдын өрсөлдөөний туршлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сонирхуулахад, Памплона хот энэ есдүгээр сард дэлхийн аэробик гимнастикийн төв болж байна. Өсвөр үе, залуучуудын тэмцээний дараа мөн “Navarra Arena”-д 2026 оны есдүгээр сарын 11–13-ны өдрүүдэд Аэробик гимнастикийн насанд хүрэгчдийн XIX Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.
Дэлхийн дэвжээнд Монгол Улс, МУБИС болон сургууль, хамт олныхоо нэрийг өндөрт өргөн оролцсон шүүгч, дасгалжуулагч, баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.