МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-д албан айлчлал хийлээ.
Монголын үндэсний олимпын хорооны төлөөлөгчид 6-р сарын 30-аас 7-р сарыын 2-ны хооронд БНХАУ-ын ҮОХ-ны урилгаар Бээжин хотноо албан айлчлал хийж, хоёр орны спортын байгууллага, холбоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт, хэлэлцээр хийлээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЕНБД Э.Бадар-Ууган, МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн захирал О.Болд-Эрдэнэ, Спорт холбоодын төлөөлөл оролцож, БНХАУ-ын ҮОХ болон Спортын ерөнхий газрын удирдлагуудтай уулзлалт хийж, БНХАУ-ын Бээжин хотын Спортын их сургуультай танилцлаа.
Талууд ҮОХ-дын хамтын ажиллагааны гэрээг шинэчлэх, спортын холбоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дасгалжуулагч, тамирчдын хамтарсан бэлтгэл, сургалтыг нэмэгдүүлэх, хүний нөөц бэлтгэх чиглэлээр санал солилцов. Мөн Монголын төлөөлөгчид БНХАУ-ын спортын холбоод, их, дээд сургуулиудтай уулзаж, оюутан солилцоо, мэргэжилтэн бэлтгэх, эрдэм шинжилгээ, сургалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хэлэлцсэн юм.
Энэхүү айлчлал нь Монгол, Хятадын спортын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, тамирчид, дасгалжуулагчдын хөгжилд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой алхам боллоо.



