“АЙЧИ–НАГОЯ 2026”: МУБИС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛИЙН ОЮУТАН Б.НАРАНХИШИГ АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“АЙЧИ–НАГОЯ 2026”: МУБИС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛИЙН ОЮУТАН Б.НАРАНХИШИГ АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Япон улсын Айчи–Нагоя хотноо зохион байгуулагдсан Азийн зуны спортын XX наадмын жюү жицүгийн тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын сургуулийн JUMP хөтөлбөрийн оюутан Баасанжаргалын Наранхишиг эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, эх орон, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөлөө.

Нагояа хотын Бүдокан спортын ордонд болсон тус тэмцээнд Б.Наранхишиг Тайландын Аксарапак Сиримак, Вьетнамын Нгуен Тхи Минь Вуонг нарыг дараалан ялж, хагас шигшээд Филиппиний Александриа Луз Энрикезтэй хүч үзсэн юм. Улмаар хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Филиппиний Андреа Лоис Лаог 2:0 онооны харьцаагаар ялж, Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо.

Тус жинд Тайландын Орапа Сенатхам алтан медаль, Филиппиний Александриа Луз Энрикез мөнгөн медаль хүртсэн бол Монгол Улсын Б.Наранхишиг, Казахстаны Мариан Журавлева нар хүрэл медаль хүртжээ.

Энэхүү амжилт нь Монголын жюү жицүгийн спортын түүхэнд онцгой байр суурь эзэлж байна. Монголын жюү жицүгийн тамирчид Азийн наадамд гурав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд оролцсон наадам бүрээсээ медаль хүртсэн амжилтаа үргэлжлүүллээ. Тодруулбал, “Жакарта–2018” Азийн наадмаас Ц.Удвал хүрэл медаль хүртэж байсан бол “Ханжоу–2022” Азийн наадмаас М.Даваадорж хүрэл медаль хүртсэн юм. Харин “Айчи–Нагоя–2026” Азийн наадамд Б.Наранхишиг хүрэл медаль хүртсэнээр Монголын жюү жицүгийн тамирчид Азийн наадмын гурав дахь медалиа хүртэж байна.

Азийн наадмын хүрэл медальтан Б.Наранхишиг нь МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн дасгалжуулагчийн JUMP хөтөлбөрт суралцдаг бөгөөд “Арвижих Ган Инженеринг” ХХК-ийн тамирчин юм. Түүний дасгалжуулагчаар О.Болд-Эрдэнэ ажиллаа. Түүний энэхүү амжилт нь тамирчны тууштай хөдөлмөр, дасгалжуулагчийн мэргэжлийн ур чадвар, сургалт, бэлтгэлийн үр дүнг илэрхийлэхийн зэрэгцээ МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн оюутнууд олон улсын спортын томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, өрсөлдөх чадвараа харуулж буйн нэгэн тод жишээ боллоо.

МУБИС-ийн Биеийн тамирын сургууль нь спортын салбарын мэргэжилтэн, өндөр ур чадвартай тамирчдыг бэлтгэх, оюутнуудын спортын амжилтыг дэмжих, сургалт болон спортын бэлтгэлийг уялдуулах үйл ажиллагаанд ач холбогдол өгч ажилладаг. Тус сургуулийн оюутан Азийн наадмын медальтан болсон нь сургуулийн хамт олны хувьд бахархалт үйл явдал юм.

Азийн спортын XX наадмаас хүрэл медаль хүртэж, Монгол Улс болон МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн нэрийг тивийн тавцанд өндөрт өргөсөн ОУХМ Б.Наранхишиг, түүний дасгалжуулагч О.Болд-Эрдэнэ, үндэсний шигшээ багийн хамт олон болон “Арвижих Ган Инженеринг” ХХК-ийн хамт олонд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн нийт багш, ажилтан, оюутнуудын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе!

МУБИС-ИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛЬ

Бусад мэдээ