2026.07.20
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутан, төгсөгчид Казахстан Улсын Алматы хотноо 2026 оны 7-р сарын 13–19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Жюү Жицүгийн 10 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.
Энэ удаагийн тэмцээн нь Азийн Жюү Жицүгийн Холбооны (JJAU) албан ёсны календарийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд өсвөр, залуучуудын болон насанд хүрэгчдийн ангиллаар Азийн шилдэг тамирчид өрсөлдсөн нэр хүндтэй тэмцээн байв. Насанд хүрэгчдийн 10 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 16-19-ний өдрүүдэд Алматы Аренад болсон бол өсвөр, залуучуудын ангиллын тэмцээн долоодугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм.
🥈 Б.Одгэрэл – эмэгтэй -45 кг
Биеийн тамирын сургуулийн магистрант, 2019 оны төгсөгч
🥈 Г.Монголжин – эмэгтэй -52 кг
МУБИС-ийн 2026 оны магистрын төгсөгч
🥈 Э.Шүрэнцэцэг – эмэгтэй -57 кг
Биеийн тамирын сургуулийн магистрант, 2025 оны төгсөгч
🥉 Б.Наранхишиг – эмэгтэй -63 кг
Биеийн тамирын сургуулийн Дасгалжуулагчийн JUMP хөтөлбөрийн IV курсийн оюутан



Мөн тэмцээний шүүлт, зохион байгуулалтын бүрэлдэхүүнд МУБИС-ийн төлөөлөл Азийн холбооны урилгаар ажиллаж, олон улсын хэмжээнд мэргэжлийн ур чадвараа харууллаа.
Олон улсын спортын нэр хүндтэй тэмцээнээс хүртсэн энэхүү амжилт нь МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, спортын бэлтгэлийн чанар, оюутан тамирчдын өрсөлдөх чадварыг илтгэн харуулж байна. Түүнчлэн МУБИС-ийн төгсөгчид зөвхөн тамирчны хувиар төдийгүй олон улсын шүүгч, тэмцээний зохион байгуулалтын түвшинд амжилттай ажиллаж буй нь сургуулийн хүний нөөцийн чадавхыг олон улсын хэмжээнд үнэлэгдэж байгаагийн илэрхийлэл юм.
Монгол Улсынхаа төрийн далбааг Азийн дэвжээнд өндөрт өргөж, эх орныхоо нэрийг бахархалтайгаар дуурсгасан нийт тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, албаны төлөөлөгчдөдөө МУБИС-ийн хамт олноос халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсье.