Бидний тухай

МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль нь Монгол Улсад биеийн тамир, спортын салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн, олон жилийн түүхэн уламжлалтай боловсролын байгууллага юм.

Түүхэн хөгжил:

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1955 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 287-р тогтоолоор  1955-1956 оны хичээлийн жилд Улсын Багшийн Институтийн бүрэлдэхүүнд биеийн тамирын багш бэлтгэх ангийг нэг тэнхим, 5 багш, 30 оюутантай байгуулсан. Түүхэн 75 жилийн хугацаанд тус тэнхимийн нэр удаа дараа өөрчлөгдөн, үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр өнөөг хүрсэн. Тодруулбал:

  • 1955-1956 оны хичээлийн жилд Хими биологи - биеийн тамирын салбарт,
  • 1957-1960 онд Хөдөлмөр - биеийн тамирын факультетэд,
  • 1960-1961 онд Хими биологи-биеийн тамирын факультетэд харъяалагдсан.
  • 1963-1964 оны хичээлийн жилээс МАХН-ын Төв Хорооны 363-р тогтоолоор анхны бие даасан Биеийн Тамирын Дээд Сургууль (БТДС) байгуулагдан, Спортын төв ордонд 5 жил сургалт хүмүүжлийн ажлаа явуулсан.
  • 1968 онд БТДС татан буугдаж, УБДС-ийн Биеийн тамирын факультет болсон.
  • 1983 онд Биеийн тамир-урлагийн факультет
  • 1990 онд Биеийн тамирын факультет
  • 1991 онд УБИС-ийн Биеийн тамирын дээд сургууль
  • 2001-2013 онд МУБИС-ийн Биеийн тамирын сургууль
  • 2014–2017 онд Урлаг, биеийн тамирын сургууль
  •  2001 оноос МУБИС-ийн Биеийн тамирын сургууль болсон байна. 

Сургуулийн түүхийн эхэн үед зөвхөн биеийн тамирын багш бэлтгэж ирсэн бол 1989 оноос спортын дасгалжуулагч, 1996 оноос спортын сэтгүүлч, 2004 оноос спортын аялал жуулчлал, 2019 оноос Биеийнтамирын арга зүйч мэрэжилтнийг бэлтгэх болсноор Монголын спортын бүх салбарт дээд боловсролтой хүний нөөцийг бүрдүүлэхэд гол үүргийг гүйцэтгэсэн.

Тус сургуулийн биеийн тамирын анхны заал 1960 онд УБДС-ийн хичээлийн байрны өргөтгөл хэлбэрээр баригдсан ба 1991 онд УБИС-ийн “В” байранд 3319.3 м.кв талбайтай, 2 том, 4 жижиг спорт заал, хичээлийн 10 гаруй танхим, лекцийн танхимтай хичээлийн байр шинээр ашиглалтад орсон. Өнөөдөр хичээлийн танхимууд орчин үеийн ухаалаг самбар болон зөөврийн компьютероор тоноглогдсоноос гадна 673м.кв талбайтай, 200 суудалтай номын сан нь 31530 ширхэг номтой бөгөөд 3 номын санч, мэдээллийн ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Монголын спортын салбарт нэр алдраа дуурсгасан олон арван төгсөгчдөөрөө бид бахархдаг бөгөөд тэдний алдар гавьяаг тооны хэлээр товчлон сийрүүлбэл:

  • Монгол улсын ардын багш цолтон – 8
  • Монгол улсын хөдөлмөрийн баатар – 6
  • Олимпын медальтан – 9
  • Спортын гавьяат дасгалжуулагч – 59
  • Спортын гавьяат тамирчин – 57 байна.

Биеийн тамирын багш, мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжлийн сурах бичгийг анх 1962 онд орос хэлнээс орчуулан ашиглаж эхэлснээс хойш өнөөдөр “Биеийн тамирын онолын үндэс”, “Биеийн тамирын сургалтын арга зүй”, “Спортын бэлтгэлийн онол, арга зүй”, “Эрүүл биеийн физиологи”, “Спортын анагаах ухаан”, “Спортын хэмжил зүй”, “Хөнгөн атлетик”, “Гимнастик”, “Спорт тоглоом”, “Спортын биомеханик”, “Спортын сэтгүүл зүй” зэрэг мэргжлийн сурах бичгүүд, МУБИС-ийн нийт оюутнуудад зориулсан “Биеийн тамир” сурах бичгийг тус сургуулийн эрдэмтэн багш нар зохиож, сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Тус сургууль нь одоо (Ph.D) О.Болд-Эрдэнэ захиралтай 4 тэнхим, 40 гаруй багш, ажилтан, 1000 орчим оюутантай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 

Өнөөдөр тус Биеийн тамирын сургуулийн нийт багшийн 59% нь докторын зэрэгтэй болсон ба тэд ЕБС-ийн биеийн тамирын сургалтын хөтөлбөр шинэчлэлийн болон өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх асуудлаар улсын хэмжээний төсөл, хөтөлбөрийн багт тэргүүлэх үүрэгтэй оролцож, амжилттай ажиллаж ирсэн.

Түүнчлэн 2007 оноос “Биеийн тамир” эрдэм шинжилгээний бичиг, 2019 оноос “Биеийн тамир, спортын боловсрол” сэтгүүлийг эрхлэн гаргаж, МУБИС-д болон Шинжлэх ухааны академид хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл болтлоо өргөжсөн. “Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил” сэдэвт олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг 2019 оноос БТСУХ-той хамтран зохион байгуулдаг уламжлал тогтсоноор Япон, Солонгос, ОХУ, Энэтхэг, БНХАУ, ХБНГУ зэрэг олон орны судлаачид судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлдэг уламжлалт хурал болсон. Тус сургуулийн эрдэмтэн багш нараас 7-8 багш олон улсын чансаа өндөртэй (IF-тай) эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлээд байна. Сургуулийн дотоод санхүүжилттэй судалгааны 2 төслийг ажмлттай хэрэгжүүлж, нэг сэдэвт хамтын бүтээл 2-ыг хэвлүүлсэн.

Тус сургуулийн хамт олон “MNUE-OPEN” тэмцээнийг жүдо, жюү жицү, волейбол, аэробик, хөнгөн атлетикийн төрлөөр жил бүр зохион байгуулж, спортын өндөр ур чадвартай сурагчдыг өөрийн сургуульд элсүүлэх ажилд дэмжлэг үзүүлж байгаа ба “Судлаач оюутан” эрдэм шинжилгээний хурлыг 2026 оноос шинэ хэлбэрээр явуулан, шилдэг судлаач оюутныг 2 үе шатаар шалгаруулж, шилдэг илтгэгчээр шалгарсан оюутныг удирдагч багшийн хамт БНСУ-д олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцуулсан.

Сүүлийн жилүүдэд спортын зарим төрлийн мэргэжлийн дасгалжуулагч дутагдалтай байгааг харгалзан, волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг, усанд сэлэлт, жюү жицү зэрэг спортын холбоодын тэтгэлэгээр 20 хүртлэх тооны оюутныг суралцуулах гэрээ байгуулан хэрэгжүүлж эхлээд байна.

Сургууль нь орчин үеийн дижитал орчин, техник хэрэгслээр бүрэн хангагдсан:

  • 597.2 м² спорт заал – электрон онооны самбар, иж бүрэн өсгөгч, хөгжимтэй
  • 134.7 м² лекцийн танхим – 120 хүний суудалтай, ухаалаг самбар, микрофон, өсгөгчтэй
  • 10 семинарын танхим – 30–45 м², ухаалаг дэлгэц, интернеттэй
  • Спорт заалд ашиглах зөөврийн проекторууд
  • Dartfish болон бусад судалгааны программ бүхий лаборатори
  • Багш бүр суурин болон зөөврийн компьютертэй
  • Подкаст болон цахим контент бэлтгэх тусгай өрөөнүүд
  • ТҮЦ машинаас дүн, төлбөр, тодорхойлолтыг (MN/EN) авах боломж
  • Интернэт, цахилгаан, цэвэр усны үнэгүй хэрэглээ
  • Номын сан, өөртөө үйлчлэх орчин

Магадлан итгэмжлэл

  • “Багш, биеийн тамирын боловсрол” хөтөлбөр: 2020, 2025 онд 2 удаа магадлан итгэмжлэгдсэн
  • “Спортын дасгалжуулагч” хөтөлбөр: 2023 онд магадлан итгэмжлэгдсэн
  • Магистрын хөтөлбөр: 2024 онд дотоодын магадлан итгэмжлэл хийлгэсэн