Их хөлгөн судар"Ганжуур,Данжуур"-ын шинэ монгол хэл дээрх бүтээлийн бүрэн ботийг МУБИС-д залах ёслол боллоо

Хүн төрөлхтөн, юмс үзэгдлийн холбоо хамаарал хийгээд сансар ертөнцийн зүй тогтлыг хэрхэн танин мэдэж, зөв замаар замнан оюуны хөгжлийн дээд түвшинд хүрч болдог тухай номлосон бурхан багшийн хамаг сургаалын чуулган Ганжуурын 108 боть, түүний тайлбар болох Данжуурын 225 боть зохиолыг монголчууд бид шашны номлол гэхээсээ илүүтэй шинжлэх ухааны цогц сургаал гэж ойлгох цагт нэгэнт иржээ.
Учир нь бид өмнө нь төвд хэл дээрх судраас адис авч бурханы ном хэмээн ойлгох ойлголт их байсан бол өнөө цагт монгол эрдэмтэд монгол бичгээр хөрвүүлэн уншиж судлахад илүү дөхөмтэй болгосон ч өнөөдөр монгол бичгийн хэрэглээ хязгаарлагдмал байгаа нь нуух аргагүй үнэн. Харин энэхүү асуудлыг шийдвэрлэж 400-аад жилийн дараа хүн төрөлхтөний оюуны аугаа бүтээлийг монголын орчин үеийн хийгээд ирээдүйн ард түмэндээ зориулж "Цогт цагийн хүрдэн Соёлын төв"-ийн хамт олон санаачлан крилл үсэгт хөрвүүлж өнөөдрийн үр хүүхэд, хойч үедээ судлах, суралцах боломж нээн өгч байгаа нь түүхэн ач холбогдолтой үйл юм.
Одооны бидний судалдаг нийгмийн болон байгалийн шинжлэх ухааны судлагдахуун, товчхондоо хүн зөв, сайхан амьдрах тухай шинжлэх ухааны зохиолууд, их тав, бага тав ухааны бүх судлагдахуунууд байдаг энэхүү алдарт Ганжуур, Данжуурыг өнөөдөр МУБИС монголын үе үеийн багш нарыг сургаж бэлтгэж ирсэн эрдмийн өргөөндөө хүндэтгэлтэйгээр залж оюутан суралцагчдад энгийн номын адилаар судалж, түүнээс суралцах боломжийг олгож байгаад үнэхээр баяртай байна. Ном дор мөргөмү.