“Монгол хүүхэд” хурлыг уламжлал болгох нь чухал байна

МУБИС-ийн Монгол судлалын төв, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн хамтран “Монгол хүүхэд” (Монголын түүх, уран зохиолын дурсгалт бичигт туссан монгол хүүхэд) хурлыг зохион байгууллаа.
Уг хуралд Шинжлэх ухааны доктор профессор, Монгол Улсын Ардын Багш Цэдэвийн Өнөрбаян, Шинжлэх ухааны доктор профессор, Монгол Улсын Ардын Багш, Төрийн шагналт Шаравын Чоймаа, Шинжлэх ухааны доктор профессор, Монгол Улсын Гавьяат Багш С.Мөөмөө, Монгол Улсын Гавьяат Багш Ц. Түвшинтөгс, Гандантэгчинлэн хийдэн хамба лам Ё. Амгалан зэрэг МУИС, МУБИС, Монголын хүүхдийн байгууллагын 40 орчим эрдэмтэн судлаачид оролцож, уугал монгол хүүхдийн дүр дүрслэл, зан байдал, ёс суртахуун, ер хүүхэдтэй харьцаж байсан уламжлалт харьцааг эртний түүхэн сурвалж, аман болон уран зохиолын дурсгалт бичгүүдээс ухан гаргаж ирж, судалгаа шинжилгээний эх баримтаар баяжуулан, олон сайхан илтгэл хэлэлцүүлэв.
МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш Ц. Өнөрбаян: “Бид юун түрүүнд уугал монгол хүүхдийнхээ шинжийг бүрэн дүүрэн танин барьж, өнөөгийн монгол хүүхдийн судалгааг эхлүүлэх нь зүйтэй” хэмээсэн бол Монгол Улсын Ардын багш Ш.Чоймаа “Сурвалжаас тодруулсан Тэмүжиний бага нас” илтгэлдээ “...Монголчуудын үзлээр бол эр хүний нүдэнд ухаан билиг, эр зориг, алсын хараа, зорьсноо биелүүлэх хүсэл зэрэг цөм тодорч байвал “нүдэндээ галтай” гэж хэлдэг. Тэмүжин үнэхээр “нүдэндээ галтай” хөвгүүн байсан билээ. Тэмүжин тэрхүү “галтай нүд”-ээрээ  тухайн цаг үеийн талын нүүдэлчдийн догшин ширүүн тэмцэлт амьдралыг харж, ирээдүйн өөрийн зорилгоо эрс өөрөөр баримжаалах болов” хэмээсэн бол  Монгол улсын гавьяат багш Ц. Түвшинтөгс “Монгол сургаалын зохиол бол эрт балрын улиг больсон хоцрогдсон сургаал номлол бус хүүхдийг сурган хүмүүжүүлэх иш онол юм. ” хэмээсэн бол МУИС-ийн багш, хүүхдийн зохиолч, доктор профессор Д. Батжаргал “...Хүүхдийн зан ааш хэрцгий догшин болж буй нь тэрхүү бүрэлдэн буй болж буй эхийн хэвлийд урьд аллага болсонтой холбоотой юм. Энд олон эмэгтэй оюутан байна энэ аллагыг хэрхэвч битгий үйлдээрэй...” хэмээн захьсан юм.  
Энэхүү хурал нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд өтгөс, идэр, залуу гурван үеийн төлөөллийг оролцуулсан сайхан хурал болж өндөрлөлөө.