МҮОНР, МУБИС хамтран зохион байгуулсан "РАДИО КОНКУРС" зорилтот уралдаант нэвтрүүлэг амжилттай өндөрлөв

Орон даяар МҮОНР, МУБИС  хамтран 2017 оны 2-р сарын1-нээс 5-р сарын 31-нийг хүртэл зохион байгуулсан "Радио конкурс"  зорилтот уралдаант нэвтрүүлэг амжилттай болж уралдааны ШИЛДЭГҮҮД тодорч, шилдэг оролцогч нар батламж шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болон хэвлэлийн бага хурал 2017 оны 6-р сарын 12-ны өдөр МУБИС-ийн төв байрны А-300 танхимд өргөн болов. Улс даяар амжилттай зохион байгуулагдан өндөрлөж буй тус уралдаант нэвтрүүлэгт нийтдээ 18 аймгийн төгсөх ангийн 120 гаруй сурагч оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Амгаланбаатарын Минжинсор тэргүүн байрт,  Архангай аймгийн Батцэнгэл сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Д.Нямдулам дэд байрт тус тус шалгарч МУБИС-д тэтгэлэгтэйгээр элсэн суралцах болзлыг хангалаа.  Мөн уралдаанд идэвхтэй оролцсон 15 сурагчид МУБИС-д элсэх эрх  олгох батламж гардан авсан юм.  Шилдэг оролцогчдод батламж гардуулах ёслолын арга хэмжээнд МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан, МҮОНР-ийн сургалт, судалгааны албаны дарга Г.Батзаяа, МҮОНР-ийн Хүүхэд залуучуудын редакцийн продюсер Ц.Сосорбурам, сэтгүүлч Ю.Гантөмөр, сэтгүүлч Л.Мэндээхүү, Хөтлөгч редактор Б.Жаргалмаа, Ц.Нандинцэцэг, Н.Мөнхбаяр, Б.Нарангэрэл нар болон МУБИС-ийн багш доктор проф. Д.Эрдэнэчулуун, доктор, дэд проф. Б.Тунгалаг, доктор Э.Нарантунгалаг, Оюутанд үйлчлэх албаны мэргэжилтэн Т.Ариунжин, оролцогчдын эцэг эхчүүдийн төлөөлөл  оролцов. Ингээд багш болох чин хүсэлтэй, өөрсдийн авьяас оюунаа сорин энэхүү уралдаант нэвтрүүлэгийн шилдэгээр шалгарч МУБИС-д элсэн суралцах эрх авсан болон нийт оролцогч дүү нартаа гүн талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилтт хүсье.