МУБИС-ИЙН 2017 ОНЫ ЭРДМИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

МУБИС-ийн 2017 оны төгсөлтийн ЭРДМИЙН БАЯР өнөөдөр ёслол төгөлдөр өргөн  сайхан болов. 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн өндөр оноогоор элсэн сургалтын шинэ аргазүй бүхий шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж, төрөл бүрийн тэтгэлэгт хамрагдан суралцсан шинэ зууны шилдэг багш нар болох анхны оюутан залуус ийнхүү 4 жилийн бакалаврын бүрэн хөтөлбөрийн амжилттай дүүргэн эрдэмт мэргэн багш нар, аав ээж, ахан дүүс, анх нөхөд, ар гэрийнхнээ баярлуулан төгслөө. Энэ хичээлийн жилд 2840 оюутан төгсөж байгаагаас 200 гаруй нь 3,7 оос дээш голчтой төгсөв. Төгсөгчид дотор ХБНГУ, ОХУ, БНХАУ, Япон зэрэг улсуудын хамтын ажиллагаатай дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад дадлага хийсэн, туршлага судалсан оюутнууд төгсөж байгаа нь онцлог байгаа юм. Мөн мэргэжилдээ эзэн болсон, өөрийгөө хөгжүүлдэг, нийгмээ манлайлагч оюутнууд олноороо төгсөж байгаад бид бахархал дүүрэн байна. МУБИС-д суралцаж байгаа нийт 267 гадаад оюутнаас бакалаврын мэргэжлээр 46, магистрын мэргэжлээр 21, нийт 67 гадаад оюутан төгсөж манай сургуулийн төгсөгчдийн бүлийг нэмлээ. Мөн Лицей сургуулийн 12-р ангийн анхны төгсөгч 16 хүүхэд МУБИС-иар овоглох болов. Шилдэг төгсөгчдөөс ажил олгогч байгууллагууд хүрэлцэн ирж ажлын байрны урилгаа гардуулж өгсөн нь өнөөдрийн  баярт нэгэн мөч байв. Нийтдээ энэ жилийн төгсөгчдөөс Шихихутаг ИС, Шинэ монгол, Орчлон, Хобби, Шинэ үе, Олонлог, Оргил, Глобал, Монгол оюу, Гёте, Улаанбаатар зэрэг ЕБС, цэцэрлэгүүдээс гадна  MCS, Таван богд, Хустайн БЦГ, Өнөөдөр, VTV, ӨХ аймгийн Соёмбо ТV, Дорнод TV зэрэг байгууллагуудаас 180-аад төгсөгч ажлын байрны урилга авах болж ажил, амьдралын гараагаа баталгаажуулан байгаа нь бидний бахдам амжилт юм. Төгсөгчдийнхөө Эрдмийн баярт МУБИС-ийн захирал профессор Д.Мөнхжаргал баяр хүргэж үг хэлэхдээ “ .... Эрхэм шавь нар минь, та бүхэн өнөөдөр хүний хүүхдийг өөрийнхөөсөө илүүтэй хайрладаг, халамжилдаг мэргэжилтэй боллоо. Бусдын төлөө сэтгэлээ чилээж, бусармаг бүхнээс ангид явахыг багш нар чинь захиж байна. Амжилт бүтээлийн дээдийг ерөөж, аяны дөрөөнд нь сүүн цацал өргөе “ гэсэн юм. Ерөөл бат сайхан орших болтугай. Ингээд их сургуулиа амжилттай төгсөж нарт ертөнцөд байхгүй нандин сайхан эрхэм мэргэжлийн эзэд болж БАГШ мэргэжлийн хүндэт дипломоо гардан авсан бүх төгсөгчдөдөө халуун баярыг хүргэж, амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе.