Агуу мандмал Багшийн сургууль 95 жилийн ойгоо тэмдэглэв

Д.Цэвэгмидийн нэрэмжит Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Багшийн сургууль ТҮҮХТ  95 ЖИЛИЙН ОЙН БАЯР-аа 2017 оны 10-р сарын 6-ны өдөр ёслол хүндэтгэл дүүрэн тэмдэглэлээ. Ойн баярын хурал Улсын Драммын Эрдмийн театрт болж баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, МУБИС-ийн захирал доктор Д.Мандах, Багшийн сургуулийн захирал доктор Ц.Дэлгэрсайхан, БНМДИ-ийн захирал доктор М.Итгэл, Багшийн сургуулийн үе үеийн алдартан төгсөгчдийн  төлөөлөл МУ-ын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай бөх, доктор  Х.Баянмөнх, МУ-ын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч,  доктор Н.Жанцанноров, Ардын багш, МУБИС-ийн Хүндэт доктор Л.Гантөмөр нар болон Багшийн сургуулийн хамтын ажиллагаатай ОХУ болон Япон улсын зочин төлөөлөгчид хүрэлцэн ирж баярын мэндчилгээ дэвшүүллээ.  Мөн Багшийн сургуулийн үе үеийн түүхийг бүтээлцэж ирсэн ахмадууд болон Багшийн сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан төгсөгчдийн төлөөлөл, боловсролын салбарын олон хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн  ирж түүхт ойг өргөн дэлгэр тэмдэглэлээ. 

Багшийн сургуулийн хамт олон түүхт 95 жилийн ойгоо угтан 2017 оны турш БҮТЭЭЛЧ 95 ажлыг өрнүүлэн олон ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Заримаас нь дурдвал, олон алдартныг төрүүлсэн Урлаг заалаа урлаг соёлын арга хэмжээ явуулах стандартад нийцүүлэн засаж тохижуулан, музейн сан хөмрөгөө баяжуулж, шинэчилэн, оюутны номын сандаа засвар үйлчилгээ, өргөтгөл хийж, анги танхим, сургуулийнхаа өнгө үзэмж, тав тохийг дээшлүүлэх олон завсар үйлчилгээ хийн, хүндэт самбараа шинэчлэх, багш, оюутны шинэ бүтээл гаргах, сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн олон ажлуудыг ойд зориулан хийжээ. Саяхан номын нээлтээ хийсэн доктор, дэд профессор А.Оюунтунгалагийн шавь нартайгаа хамтран бүтээсэн МУБИС, Багшийн сургуулиас төрөн гарсан Ардын багш, Гавьяат багш нарын ярилцлага, аман түүхийн "БИЛИГ ОЮУНЫ ЭХ СУРВАЛЖ -II" ном ч 95 жилийн ойдоо зориулжээ. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Багшийн сургуулийн 95 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг тус сургуулийн авьяас билиг дүүрэн оюутан залуус маань амжилттай үзүүллээ. Тоглолтын ерөнхий хөгжим, дууны найруулагчаар Багшийн сургуулийн төгсөгч СТА Буян-Орших, Ерөнхий удирдаачаар мөн төгсөгч СТА Ганбат нар болон БаС-ийн Хөгжмийн багш СТА Баттогоо, Ерөнхий найруулагчаар МУГЖ Батжаргал нар тус тус ажилласан юм. Та нартаа гүн талархал илэрхийлье. Ингээд Багшийн сургуулийнхаа бүтээлч эрдэмтэн багш нар, ажилтан, албан хаагчид, оюутан залуустаа дахин баярын мэнд хүргэж, талархал дэвшүүлье.